Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үнэнч байдалд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа

Зах зээл өндөр хөгжсөн улс орнуудын хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлал гэдэг хамгийн их хэрэглэгчтэй, хамгийн эрэлт ихтэй салбар, бизнес байдаг. Аливаа улс орны хуримтлагдсан капитал баялгийн дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа иргэдийн эзэмшдэг орон сууц байдаг.

Хүмүүс үл хөдлөх хөрөнгийг талх шиг өдөр бүр худалдан авдаггүй учраас тухайн шийдвэрийг гаргахдаа ҮХХ-н  мэргэжлийн баг хамт олонд хандаж мэргэжлийн агентаас зөвлөгөө авч сонголтоо хийх нь шилдэг арга болох нь туршлагаар батлагдсан.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд ҮХХЗ-н компаниар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үнэнч байдалд нөлөөлөх харилцааны чанар, борлуулалтын зан төлөв, борлуулагчийн туршлага, брэндийн дүр төрх, брэндийн танигдалт сэдвүүдээр судалгаа хийсэн бөгөөд тухайн сэдвүүдийн дагуу хийгдсэн гадаад, дотоодын эрдэм шинжилгээний ажил, диплом, судалгааны ажлуудыг судлан дүгнэж, санал зөвлөмж болон судалгааны арга зүйн хэсэгт ашигласан болно. Харин судалгааны хамрах хүрээг сонгохдоо өмнө ҮХХЗ-н компаниар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийг сонгон авч тэдний сэтгэл ханамж, үнэнч байдалд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа хийсэн. 

Эмпирик судалгааны хэсэгтээ судалгааны анкетийн арга зүйг ашигласан бөгөөд “ҮХХЗ-н компаниар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж” нэртэйгээр судалгааг авсан. Түүврийг сонгохдоо 95%-ийн магадлалтай, 10%-ийн алдаатай байхаар өмнө нь ҮХХЗ-н компаниар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийн нийт 112 өгөгдлөөс, шаардлага хангаж буй 88 өгөгдлийг сонгон авч, SPSS 22 болон Excel зэрэг программ ашиглан шинжилгээг хийсэн.

Үүний үр дүнд хүчин зүйлийн шинжилгээ, найдвартай байдлын шинжилгээ, харилцан хамаарлын, регрессийн шинжилгээ гэх зэрэг шинжилгээнүүдийг хийж таамаглалаа шалгасан болно. Эцэст шинжилгээний үр дүнд дүгнэлт хийж, ҮХХ зуучлалын салбарт ажиллаж буй ҮХХ зуучлагч нарт санал зөвлөмж боловсруулсан.

 

Түлхүүр үг: ҮХХ, ҮХХ зуучлал, ҮХХ зуучлагч, агент, сэтгэл ханамж