Та өөрийн үл хөдлөх хөрөнгөө шинэчлэх гэж байна уу?

Орчин үеийн, сонирхолтой интерьер дизайныг бүрдүүлдэг гол хүчин зүйлсийн нэг бол тавилга юм. Ямар ч интерьер засалд зохицож, орон зайд уусахын зэрэгцээ интерьерт акцент нэмж өгдөг тавилга, аксесуаруудыг сонгосноор тухтай хэрнээ дахин давтагдашгүй орчинг бүрдүүлэх боломжтой.

Та өөрийн үл хөдлөх хөрөнгөө шинэчлэх гэж байна уу? Танд зориулаад энэ жил ямар өнгө , мөн тавилгын хувьд ямар загвар, стиль, материалтай зүйлс тренд болж талаар хүргэе.

Ямар ч байсан гэрийнхээ өнгийг өөрчлөхөөр шийдсэн бол тухайн өрөө тань наран талдаа юу үгүй юу гэдгээс хамаарч хүйтэн эсвэл дулаан суурьтай өнгө сонгох эсэхээ шийдээрэй. Сүүдэр талдаа бол дулаан суурьтай цайвар өнгө тохиромжтой бол наран талын өрөөнд эсрэгээрээ гэх мэт. 
Өнгөний хувьд ихэвчлэн саармаг, байгалийн тайван өнгийг суурь болгож ашиглаарай. Энэ нь тухайн орон зайг дараа нь өөрчилж, хувиргах боломж олгодог тул хэзээ ч хоцрогдохгүй. Харин тодотгож өгөх өнгөний хувьд пастель өнгө
, эрдэнийн чулууны мэт тод, баялаг өнгө одоо тренд болж байгаа.

Пастель болон эрдэнийн чулуун өнгө

"Millennial Pink" буюу шинэ мянганыхны дурладаг зөөлөн ягаан өнгө энэ жил загвар, интерьер, тэр ч бүү хэл хоолны салбарыг хүртэл байлдан дагуулж, энэ оны гол өнгөөр тодорсон билээ. Шинэ мянганыханд сайхан мэдээ дуулгахад энэхүү пастель ягаан өнгө ирэх онд ч эрчээ алдахгүй оршин тогтносоор байх бололтой. Пастель ягаан өнгө нь өрөөнд зөөлөн, дулаан уур амьсгал нэмж, минималист хэв маягийг илтгэнэ. Мөн ирэх онд пастель хөх, саарал, гааны ногоон өнгөнүүд ч өөрсдийн байр суурийг алдахгүй. Эдгээр завсрын өнгөнүүд нь тайван, саруул орчинг бүрдүүлж өгдөг гайхалтай чадвартай.

ирэх онд зөөлөн пастель өнгөнүүдээс гадна, намрын өнгө гэгддэг тод, гүн өнгөнүүд тренд болох нь. Индранил, маргад эрдэнийн чулууг санагдуулам тод өнгөтэй буйдан, сандалнууд нь бусад тавилгуудтай гайхалтай зохицохын зэрэгцээ дангаараа зочны өрөөг тансаг, нэгдмэл, өвөрмөц уур амьсгалтай болгоно. Мөн модон эдлэл, цайвар өнгийн эд зүйлстэй уялдан интерьерт байгалийн, хөнгөн байдлыг бий болгодог маш олон давуу талтай юм.

Тавилгын ерөнхий чиг хандлагууд.

Нэгэнт тавилга авах бол эрүүл мэндээ бодсон ч тэр байгалийн материалтай тавилга сонгох нь ирээдүйд үнэ цэнээ алдахгүй. Тэд яг л сайн жийнс мэт хуучрах тусмаа улам гоё болдог давуу талтай. Мөн дизайнеруудын тавилгууд угаас өөрөө урлагийн бүтээл болчихсон байдаг учраас хэзээ ч хоцрогдохгүй. Загвар, хэлбэр хэмжээг яг өөрийн орон зайд л тааруулж авах хэрэгтэй. Мөн нэмж хэлэхэд тавилгыг иж бүрдлээр нь битгий аваарай. Харин өөр, өөр тавилгуудыг хооронд нь зохицуулж тавьбал илүү мэдрэмжтэй, сонирхолтой орчин үүснэ.

Модерн классик тавилгууд

Мод болон гантиг чулуу нь үргэлж тренд хэвээрээ байдаг цөөн материалуудын нэг юм. Модерн классик буюу орчин үеийн сонгодог стилийн гол онцлог нь мод, байгалийн чулуу, шил зэрэг эрс тэс материалуудыг хооронд нь хослуулан сонирхолтой шийдлийг бий болгодог чадвартай. Зөвхөн орчин үеийн болон сонгодог стилийг төдийгүй бусад дизайны олон төрлүүдийг хооронд нь хольсноор дахин давтагдашгүй хэв маяг гарч ирэх боломжтой юм.

Хамба хилэн материал

Өнгөрсөн жилээс эхлэн томоохон тавилгын брэндүүд винтэж стилийг тренд болгосноор 1950-1960-аад онд ид хүчээ авч байсан хамба хилэн материал орчин үеийн интерьер дизайны чиг хандлагад эргэн ирсэн гэж хэлж болно. Энэ материал мөддөө л моодноос гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Орчин үеийн хамба хилэн материалууд нь гүн, тод, завсрын гээд асар өргөн өнгөний сонголттой болсон тул ямар ч төрлийн интерьерт зохицдог онцлогтой. Хамба хилэн материал нь орон зайг тансаг, тав тухтай болгоно.

Алтлаг деталиуд

Энэ улирлаас эхлэн интерьер дизайн болон засал чимэглэлийн салбарт алтан шаргал өнгийн элементүүд орсон эд зүйлс тренд болох хандлагатай байгаа. Эхлээд алтлаг өнгөтэй, төрөл бүрийн номын тавиур, дэр, лаа зэрэг жижиг деталиудыг сонгон гэрээ тохижуулж болно. Тэгвэл тунг нь хэтрүүлэлгүйгээр хэрхэн энэхүү трендийг гэртээ хэрэгжүүлэх вэ гэж үү? Үүний тулд мэдээж хэрэг алтан шаргал өнгийн гэрлийн бүрхүүл танд хэрэг болно. Алтлаг материалаар хийсэн гэрлийн бүрхүүлүүд нь бага зэрэг баярын уур амьсгал нэмээд зогсохгүй, орон зайг илүү халуун, дулаан болгоно.